Засгийн газрын өнөөдөр /2022.09.14/-ийн хуралдаанаас Батлан хамгаалах яам /БХЯ/, Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-ны зарим ажилтныг цалингийн 10 хувиар торгох чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өгсөн байна.
Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчилан таниулах үүднээс төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж байгаа аж. Иймд энэ сарын 9, 10 /2022.09.09-10/-нд БХЯ, БХБЯ-ны албан хаагчдыг хамруулжээ.
Гэтэл Батлан хамгаалах яамны албан хаагчийн 70 хувь, БХБЯ-ны хаагчийн 37 хувь нь л хамрагдсан байна.
Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй сургалтад суугаагүй албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгох чиглэл өгсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Мөн тэрбээр төрийн албан хаагчид Засгийн газрын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхгүй бол ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын тогтолцоо байгаа гэдгийг дурдсан юм.