ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов угтан авлаа /ФОТО/

2022-09-14 14:32

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов угтан авлаа /ФОТО/

iSee.mn Ерөнхий редактор Т.Хулантахь Самарканд хотоос мэдээллийг хүргэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Узбекистаны Самарканд хотод дөнгөж сая хүрэлцэн ирлээ.

ВИДЕО:

Түүнийг Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад харилцааны дэд сайд Г.Фозилов, Самарканд мужийн захирагч Э.Турдимов, Монголоос Узбекистанд суух Элчин сайд Д.Баярхүү, Узбекистанаас Монгол улсад суух Элчин сайд Ф.Арзиев нар угтан авав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадрал, ОХУ-д суух Элчин сайд Ө.Энхтүвшин нарын албаныхан явж байна. 

ШХАБ-ын уулзалт маргааш /2022.096=.15/ эхлэх бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чжан Минтэй уулзана. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Салсиа Алисжабана манай улсын Ерөнхийлөгчид бараалхах юм. Харин ОХУ, БНХАУ, Монгол улсын Ерөнхийлөгчийн гурван талт уулзалт энэ сарын 16-ны өдөр болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад ирлээ. 2022.09.14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад ирлээ. 2022.09.14

2022-09-14 07:38

ШУУРХАЙ: В.Путин, Ши Жиньпин нартай "Гурван талт уулзалт" хийхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨНӨӨДӨР өглөө ШХАБ-ын уулзалтыг зорилоо

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотод маргааш /2022.09.15/ эхэлнэ. Уулзалт хоёр өдөр /2022.09.16-17/ үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн тэргүүн нараас гадна ШХАБ-ын гишүүн, ажиглагч, түнш орнуудын төлөөлөл оролцох юм. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг уулзалтад оролцохоор өнөөдөр /2022.09.13/ өглөө Узбекистаны Самарканд хотыг зорилоо. Ерөнхийлөгчтэй хамт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хятад суух Элчин сайд Т.Бадрал нар явж байгаа аж.  

-ЭНЭ ЖИЛИЙН УУЛЗАЛТЫГ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ДАРГАЛНА-

2014 онд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа манай хоёр хөрш болох ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарт санал тавьж анхны гурван талт уулзалтыг Тажикистаны Душанбе хотод амжилттай зохион байгуулж байсан юм.

Үүнээс хойш 2019 оныг хүртэл тус уулзалтыг зохион байгуулсан ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасраад байсан юм.  

Тэгвэл тасраад байсан Монгол, Хятад, Орос улсуудын уулзалтыг энэ жил үргэлжлүүлэх гэж байгаа нь онцлог болж байна. ШХАБ-ын хурлын үеэр болдог тус уулзалтыг гурван улсын төрийн тэргүүн ээлжилж даргалдаг бөгөөд энэ жил тус үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд оногдож байгаа аж.

- МОНГОЛ УЛС АЖИГЛАГЧИЙН БАЙР, СУУРИА ХАДГАЛЖ ШХАБ-ЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА-

ШХАБ-ын уулзалт бүрээр нийгэмд яригддаг нэг сэдэв нь “Монгол улс ШХАБ-т элсэх, эс элсэх” тухай асуудал юм. Олон нийт, иргэдийн зүгээс ШХАБ-т элсэн нь зөв буруу эсэхээр хэлэлцүүлэг өрнүүлж, маргаан мэтгэлцээн болдог. Энэ жилийн тухайд манай улс өмнөхийн адилаар "ажиглагч"-ийн байр, сууриа хадгалж оролцоно.

Өөрөөр хэлбэл, 2004 оноос хойш хадгалж ирсэн "ажиглагч"-ийн статусаараа урьдын адил оролцох нь.  

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр хөршийн удирдагч В.Путин, Ши Жиньпин нартай уулзахаас гадна гишүүн орны төрийн тэргүүн нартай хоёр талт уулзалт хийх аж. Энэ жилийн гурван талт уулзалтын үеэр манай улс ямар байр, суурь илэрхийлэх, юу ярих талаар дараагийн дугаартаа хүргэх болно. Түүнээс гадна өнгөрсөн хоёрдугаар сард болсон Бээжингийн өвлийн олимпиос хойш уулзаагүй В.Путин, Ши Жиньпин нар Самаркандад уулзалдах нь олон улсын анхааралд байна. Учир нь энэ хугацаанд Орос, Украины асуудал үүсч дэлхийн улс орнуудын харилцаа эмзэг байдалд орсон. Тэгэхээр тэдний энэ удаагийн уулзалтыг дэлхийн улсууд анхааралтай ажиглах нь тодорхой болоод байна. 

iSee.MN сайтын сурвалжлах баг, редактор Т.Хулантахь нар Узбекистаны Самарканд хотоос ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтыг энэ өдрүүдэд сурвалжлан уншигч та бүхэнд хүргэх болно.