Б.Жавхлан: Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрсэн үнийн өсөлт 400 мянга болж БУУНА

Б.Жавхлан: Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрсэн үнийн өсөлт 400 мянга болж БУУНА

Засгийн газрын өнөөдөр /2022.09.14/-ийн хуралдаанаар хэлэлцсэн импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэх тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цементийн хомсдол зах зээлд үүсэж буйтай холбогдуулан Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлд орсон. Иймд Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэх шийдвэрийг гаргалаа. Дараа нь тээвэр ложистикийг асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл мөн хүндрэл үүсэхээр байна.

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг БҮРЭН НЭЭНЭ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт шүү. 2024 онд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.

Түүнчлэн цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд БУУХ бүрэн боломжтой.

Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна" гэлээ. Харин Хөтөл цемент шохойн үйлдвэрийн дарга Л.Наранбаатарыг Менежментгүй ажилласан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох эсэх талаар сэтгүүлчдийн асуултад гэдэг Сангийн сайд Б.Жавхлан “Тус үйлдвэрийг улсад авснаас хойш хэсэг хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажилласан. Одоогоор техникийн шинэчлэл хийх төлөвлөгөөний дагуу түр зогсолт хийгээд байгаа гэдэг тайлбар ирүүлсэн. Гэхдээ ЗГХЭГ-аас тус үйлдвэрт ээлжит бус шалгалт хийсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга мэдээлэл өгнө" гэсэн хариулт өглөө.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө