“Азийн нэг орны Ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ санхүүжүүлсэн” гэж АНУ-ын Тагнуулын мэдээнд дурджээ

“Азийн нэг орны Ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ санхүүжүүлсэн” гэж АНУ-ын Тагнуулын мэдээнд дурджээ

Орон нутгийн цагаар өчигдөр /2022.09.13/ АНУ-ын Цагаан ордноос тус улсын тагнуулын байгууллагаас гаргасан дүгнэлтийг иш татан нэгэн ноцтой мэдээллийг олон нийтэд танилцуулсан байна.

Тус мэдээлэлд, “ОХУ нь 2014 оноос хойш 20 гаруй орны улс төрийн нам, албан тушаалтнуудад 300 сая ам.долларыг нууцаар шилжүүлж санхүүжүүлсэн нь тогтоогдсон. Үүгээрээ Орос улс "тодорхой улс төрийн намуудад давуу байдал бий болгож, эдгээр бүх улс орнуудын ардчиллыг сүйтгэхийг оролдсон”. Улс төрийн тодорхой орчинд чиглэсэн Оросын далд санхүүжилт-ийн талаар зарим улс орнуудад хувийн мэдээлэл өгч байгаа.Энэ дунд Азийн нэг оронд суух ОХУ-ын Элчин сайд тухайн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид олон сая ам.доллар бэлнээр өгсөн” гэсэн юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд зарим иргэд Азийн нэг орон гэдэг нь Монгол Улс биш биз гэх хардлагыг илэрхийлж эхлээд байна.

-ХИЛЭЭР ГАРЧ, ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ЫН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ-

Учир нь Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинаар 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ОХУ руу нэвтэрч, 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Г.Галбадрах, Б.Галданжамц нар дээрх автомашинтайгаа Монголд буцаж ирж, Ж.Бямбацогт нь ОХУ-д үлдсэн байдаг.

Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн гэдэг.

ҮАБЗ-ийн ажилчдын ОХУ руу явсан гэх автомашин

Харин Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнууд, мөн ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн төлөөлөлтэй уулзсан байдаг. Мөн Тэд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон, Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан гэдэг. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлсэн байдаг. 

Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтны хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ын зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай гэдэг. Учир нь УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон, Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус, транзит тээврийн 0600 СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байсан гэдэг.

-ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ-

Хамгийн ноцтой нь, Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашиндаа 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн. Харин тэднийг хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй байсан. Учир нь тэд автомашиныхаа хаалгануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байсан гэдэг. Тус мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таардаг.

Улмаар тэд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүрэг дэх спорт цогцолборын орчимд 0390 УНҮ улсын дугаартай “Landcruiser-200” автомашинтай хүмүүстэй уулзжээ. Гэтэл уг 0390 УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн “Lexus-470” автомашинд 2020 онд олгогдсон байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг юм.

Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22.00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байдаг. Харин унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ариутгалын багийнхан ирж ариутгажээ. Түүний дараа Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тусгаарлагдсан байдаг. Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11.30 цагийн үед “Жаргалант” сувиллын авто зогсоолд 0125 УНҮ улсын дугаартай “Hyundai azera” маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартой байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашиныг аваад явжээ. Тэндээс хөдөлж явсаар цаг орчмын дараа ГХЯ-ны авто бааз руу орсон гэдэг.

-А.ГАНСҮХ “ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД ИРСЭН НЬ ҮНЭН”-

Харин энэ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх мэдээлэл хийхдээ, “Манай албаны хүмүүс тусгай үүрэг гүйцэтгэж, ОХУ-ын Улаан-Үд хүртэл автомашинаар яваад буцаж ирсэн. Ямар зорилгоор гэдгийг нь хэлэх боломжгүй. Албаны болоод төрийн нууцад хамаарна. Энэ автомашинд ямар нэг хууль бус мөнгө байгаагүй” гэж мэдэгдэж байв.  




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө