Энэ есдүгээр сарын 04-ний өдөр /2022.09.04/ Монголын хөлбөмбөгийн холбооны Моби дээд лигийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн хооронд болсон. Тус үеэр СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс руу Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэр сармагчны хөдөлгөөний үйлдэл гаргаж Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдоод байсан юм.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хаягаар дамжуулж уучлал хүсжээ. “Миний бие тоглолтын үеэр сэтгэл зүйгээ барьж чадаагүйн улмаас эсрэг багийнхаа Тиаго Томайс руу зүй бус үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Хийсэн үйлдлийнхээ төлөө та бүхнээс уучлал хүсье. Мөн хөгжөөн дэмжигчид, "СП Фалконс", "Дэрэн" клуб, МХБХ, Үндэсний шигшээ багийн ах дүү нар болон үе үеийн тамирчдаас уучлал хүсэж байна. Намайг уучлаарай, би улам хүчтэйгээр эргэж ирэх болно" гэжээ.