Монголын дотоод хэрэгт удаа дараа оролцож, Венийн конвенц зөрчсөн И.Азизовыг "ЭСЭРГҮҮЦЭЖ" Б.Батцэцэг "Нот бичиг" илгээх ёстой

Монголын дотоод хэрэгт удаа дараа оролцож, Венийн конвенц зөрчсөн И.Азизовыг "ЭСЭРГҮҮЦЭЖ" Б.Батцэцэг "Нот бичиг" илгээх ёстой

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх болсон Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасан. 

Энэ нь Монголын дотоод хэрэгт оролцсон асуудал гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.09.12/ мэдэгдэж, эл асуудалд Гадаад харилцааны яам нот бичиг явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүний энэхүү мэдээлэл ч олны талархлыг хүлээгээд байна. Учир нь ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын дотоод хэрэгт үүнээс өмнө хэд хэдэн удаа оролцож, венийн конвенцыг зөрчиж байсан юм.

Тухайлбал,

  • УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны нэгдүгээр сард (2022.01.20) ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр И.К.Азизов "Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой" гэж хэлсэн. Энэ тусгаар улсын парламентын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын мэдээллийг авахыг хүссэн үйлдэл болж иргэдийн дургүйцлийг хүргэсэн.
  • ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас энэ оны гуравдугаар сард /2022.03.24/-т албан ёсны фейсбүүк хуудаст “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтэлсэн байдаг. Улмаар эл үйлдэл нь мөн монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч, Монголын Гадаад харилцааны яам тус мэдээлэлд эсэргүүцэл илэрхийлж, нот бичиг илгээсэн гэгддэг. Мөн нийтэлсэн мэдээллээ пейж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "дуудаж" уулзсан гэх албан бус мэдээлэл бий.
  • Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотод парад зохион байгуулсан. Хэдгээр тус улсын Элчин сайдын яамнаас уг жагсаалыг Ялалтын парад хэмээн нэрийдэж байсан ч үүнийг иргэдийг дайныг дэмжсэн жагсаал хийсэн хэмээн эсэргүүцсэн. Энэ талаар Олон улс судлаач П.Наранбаяр “Ялалтын парадыг манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам өмнө хийдэггүй байсан. Энэ жил хийж байгаа нь улс төрийн зорилготой гэж харж байна” хэмээсэн юм.
  • Эрхүү мужийн Хууль тогтоох чуулганд тус мужийн парламентын дарга А.Ведерников, ОХУ-аас Монгол Улсад Оросоос суугаа элчин сайд И.Азизовыг энэ оны долдугаар сарын 19-ны өдөр /2022.07.19/хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайд И.Азизов Монгол Улсын парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар ярьсан байдаг. Энэ нь мөн л Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон үйл явдал гэдгийг учир мэдэх хүмүүс тодотгодог.
  • Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлаар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 9-ны өдөр //2022,09.09/ мэдэгдэл гаргав. Үүнийг Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон болчимгүй үйлдэл гэдгийг БШУ-ын сайд Л.Энх-Амгалан онцолсон. 

Энэ мэтээр Монгол Улсын дотоод хэрэгт оролцсоор ирсэн ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яаманд Гадаад харилцааны яамнаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй аж. Угтаа Олон улсын гэрээний эрх зүйн тухай Вений конвенцод зааснаар  Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/ аль нэг улсын Элчин сайд тухайн суугаа улсынхаа дотоод хэрэгт оролцох нт хориотой байдаг байна.

Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд тухайн Элчин сайдын яаманд нот бичиг өгч сануулах, Гадаад харилцааны яамнаас албан ёсоор дуудаж уулзах, эцэст нь тухайн улсаас хөөх хүртэл арга хэмжээ авах эрхтэй байдаг аж. 

Тэгвэл олон удаа Монгол Улсын дотоод хэрэгт оролцож буй ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам, Элчин сайд И.К.Азизовт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ удаад арга хэмжээ авах уу гэх хүлээлт олны дунд үүсээд байна.