Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт ӨНӨӨДӨР болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт ӨНӨӨДӨР болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт өнөөдөр 10.00 цагт Тавантолгой өртөөнд /2022.09.09/ болно. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох юм.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрхээс өөр ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй аж. Өнөөдөр тус замаар анхны вагоныг явуулах юм байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдсан юм.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

  • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурна.
  • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
  • 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Улсад жилд 20–28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно.
  •  Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.