МАН-ын генсек, ЗГХЭГ-ын даргыг давхар хаших Д.Амарбаясгалан ЕC болсныхоо дараа Я.Содбаатарт генсекээ өгөхөөр тохирчээ

МАН-ын генсек, ЗГХЭГ-ын даргыг давхар хаших Д.Амарбаясгалан ЕC болсныхоо дараа Я.Содбаатарт генсекээ өгөхөөр тохирчээ

Улстөрд Ерөнхийлөгчийг номер-01, УИХ-ын даргыг номер-02, Ерөнхий сайдыг номер-03 гэж хэлдэг хэллэг бий. Тэгвэл Д.Амарбаясгалан номер-03 болох тохироотой МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/-аас Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга болсон талаар бид өмнө нь мэдээлж байв. ЭНД ДАРЖ уншина уу. 

-2024 ОНЫ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООР ТОХИРСОН ГЭХ ЯРИА МАН ДОТОР ЯРИГДАЖ БАЙНА-

Ингэхдээ тэрбээр ЗГХЭГ-ын даргын ажлаа МАН-ын генсектэйгээ  давхар хийхээр төлөвлөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "МАН бага хурлаа хуралдуулж намынхаа дүрмийг өөрчлөх бөгөөд энэ өөрчлөлтөөрөө “ЕНБД нь давхар албан тушаал хашиж болно” гэх агуулгаар дүрэмжүүлэх гэнэ. Гайхаж болох ч яалт үгүй МАН-д хийгдсэн төлөвлөгөө гэх.  Д.Амарбаясгалан УИХ-д ч тэр, Бага хуралд ч нийт гишүүдийн 50 хувь, У.Хүрэлсүх 30 хувь, М.Энхболд, С.Батболд нар нийлээд 20 хувиа бүрдүүлдэг. Тэгэхээр түүнд ямар нэгэн саад, бэрхшээл үгүй юм. 

Тэр яагаад МАН-ын генсекийн ажлаа өгөхгүйгээр тооцож байгаа нь анхаарал татна. Тэгвэл энэ нь түүний Ерөнхий сайд болох төлөвлөгөөтэй нь холбоотой гэж МАН дотор ярьж байна. 

Тэрбээр 2024 оны сонгуулийн үр дүнг хүлээхгүйгээр Ерөнхий сайд болох тохироог хийж харин Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга, МАН-ын даргад үлдэхээр аль хэдийн зурчихсан гэх. Харин тэдний энэ тохироо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дургуйг хүргэсэн бөгөөд нөгөө талд Г.Занданшатар зүгээр суух үгүй нь ч анхаарал татаж байна. Учир нь Г.Занданшатар Ерөнхий сайдаас бусад бүхий л том албан тушаалыг хашсан МАН доторх 70 оны том төлөөлөл. Түүний амбиц ч Ерөнхий сайдын албан тушаал. 

-ЕРӨНХИЙ САЙД БОЛСНЫХОО ДАРАА Я.СОДБААТАРТ ГЕНСЕКИЙН АЖЛАА ӨГӨХ ҮҮ- 

Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхий сайд болсныхоо дараа Я.Содбаатарт МАН-ын генсекээ өгөх төлөвлөгөөтэй байгаа гэж МАН-ынхан ярьж байна. Энэ нь Я.Содбаатарт өгөх байдлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгч байгаа юм. Учир нь У.Хүрэлсүхэд одоогоор Я.Содбаатараас өөр итгэх хүн байхгүй. Гэхдээ энэ нь тэдний тохирооноос л шалтгаална. Энэ тохироонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орох Ерөнхийлөгчтэй холбоотой заалт ч багатаж мэдэх юм. Учир  нь намар хийх Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор, хөдөлгөгч нь Д.Амарбаясгалан гэдгийг олон нийт мэдэж байгаа.