2024 онд Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга болохоор тохирч ЗГХЭГ-ын томилгоог хийжээ

2024 онд Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга болохоор тохирч ЗГХЭГ-ын томилгоог хийжээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх /ЗГХЭГ/-ын даргаар томилсон нь жинхэнэ утгаараа сюрприз болсон. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАНГ ТОМИЛСОН ЮМ БИШ, ТЭД АЛЬ ХЭДИЙН ҮҮНИЙГ ТОХИРСОН БАЙЖЭЭ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэхээр төлөвлөж, хоёр дахь танхимдаа хамтарч ажиллах сайд нарын нэрсийг жагсааж эхлэхээс бүр эрт ЗГХЭГ-аа Д.Амарбаясгаланд даалгахаар тохирсон байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Харин үүнийгээ тэд ихэд нууцалж МАН-ын Удирдах зөвлөлдөө "сайд нарын нэрсийг танилцуулах"-даа ил болгожээ. Юу тодорхой бэ гэвэл Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилсон ч юм биш, тэд эртнээс үүнийг тохирсон байсан гэсэн үг.

Тэгвэл тэд чухам юу тохиров;

Энэ талаар МАН-ынхан ярихдаа, “Тэд 2024 оны УИХ-ын сонгуульд намаа ялалтанд хүргэж үр дүнд нь байгуулах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Д.Амарбаясгалан, УИХ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллахаар тохирсон” гэж байна.

Д.Амарбаясгалан энэ удаа ЗГХЭГ-ын даргаар ажиллах болсон нь ч ийм учиртай аж. Өөрөөр хэлбэл, 2024 онд Ерөнхий сайд болохдоо бэлтгэж байна гэсэн. Тэрээр өөрөө ч, “Намаа хоёр сонгууль дараалан ялуулсан. УИХ-д ч нэр дэвшилгүй намын “гал тогоог” хариуцсан. Надтай маргах, барьцах хүн байхгүй биздээ” гэсэн агуулгаар ойр дотныхондоо ярьсан гэх мэдээлэл байна.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн энэ тохироо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чихэнд хүрч уур, ундууцлыг нь хүргээд авсан гэх мэдээлэл байгаа юм. Хэдий тэд бяртай байгаа ч улс төрд “ах” нь байгаа шүү гэдгийг Ерөнхийлөгч сануулсан гэж буй.

Бас нэг өнцөг анхаарал татах нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг асуудлыг Д.Амарбаясгалан өнгөрсөн өвлөөс манлайлж ярьж эхэлсэн. Энэ тоглолтоо ч амжилттай үргэлжлүүлж байна. Харин тэрбээр улс төрийн замаа засахын тулд өөртөө зориулж Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэлсэн үү гэдгийг энэ өдрүүдийн улс төр дэхь процесс харуулж байна. Чухам аль нь ч байсан Д.Амарбаясгалангийн идэвхтэй улс одоо л эхэлж байна.