Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн “Давхар дээл”-ийн хязгаарлалтыг Үндсэн хуулийн цэц их суудлын хурлаараа “хүчингүй” болгосон.
Иймд Үндсэн хуулийн 39.1 дахь заалтыг өөрчлөн батлах шаардлага УИХ-ын гишүүдэд ирсэн тул энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдаж, өчигдөр /2022.08.25/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдээд байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүн дэмжсэн тохиолдолд баталдаг. Энэ талаар Үндсэн хуулийн 69.1-д, “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний гурваас доошгүйн саналаар батална” гэж заажээ.
-МАН-ЫН 55 ГИШҮҮН +АН-ЫН 6 ГИШҮҮНИЙ САНАЛЫГ НЭМЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЖЭЭ-
Тэгвэл “Давхар дээл”-ийн хязгаарлалтыг цуцлах Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүн бүгд дэмжихгүй байсан тул “УИХ дахь АН-ын бүлгийн дарга” гэсэн албан тушаалыг О.Цогтгэрэлд өгөх замаар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Бейсен, С.Одонтуяа нарын АН-ын зургаан гишүүний саналыг нэмж нийт 61 гишүүнээр дэмжүүлж Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталжээ.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нарын долоон гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй, чуулганы хуралд ирээгүй байна.
Иймд Үндсэн хуулийг өөрчлөх МАН-ын гишүүдийн санал 55 болж, УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний санал бүрдэхгүй байсан байна.
Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлөхөд С.Одонтуяа, Б.Бейсен хоёрыг Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл нар руу урвуулж, энэхүү зургаан гишүүний хуралдуулж О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар томилуулаад, уржигдар /2022.08.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы танхимд танилцуулж, баталгаажуулсан нь энэ байжээ.
Сонирхуулахад, энэ Даваа гараг /2022.08.22/-т УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын таван гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргад дэвшүүлжээ.
Харин Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын таван гишүүн А.Адъяасүрэнгийн нэрийг бүлгийн даргад дэвшүүлсэн бол, Б.Бейсен хэнийг дэмжих нь тодорхойгүй байсан тул тэд шийдэлд хүрч чадалгүй тарсан байна. Гэтэл Мягмар гараг /2022.08.23/-т Б.Бейсен гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нараас урваж Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ш.Адьшаа нартай нийлж зургуулаа хуралдаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон байдаг.