МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад дэмжжээ

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны 8-р сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.

МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжсэн байна.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэнэ. Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгосон тохиолдолд анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.