АТГ-аас Х.Баттулгыг хэд, хэдэн удаа дуудан байцааж, гарын үсгийн шинжилгээ хийжээ

АТГ-аас Х.Баттулгыг хэд, хэдэн удаа дуудан байцааж, гарын үсгийн шинжилгээ хийжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас дуудаж хэд, хэдэн удаа байцаалт мэдүүлэг авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ өдрүүдэд түүний гарын үсгийн шинжилгээг хийх ажил явагдаж байгаа бөгөөд тун удахгүй яллагдагчаар татаж магадгүй байгаа ажээ. 

Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж, улмаар гарын үсгийн шинжилгээг хийж байж магадгүй байна.  Учир нь МоАХ-ны газрыг барьцаалж зээл авах бичигт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсэг зурсан байдаг. Гэтэл уг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдах болоход Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, МоАХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмаа "Х.Баттулга Ерөнхийлөгчийн гарын үсгийг би дуурайлгаж зурсан" гэж мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Тиймээс Х.Баттулга, Г.Байгалмаа нарыг шалгаж буй бололтой.

Үүнээс гадна Х.Баттулгыг Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр замын ажлыг гацаасан гэх хэргээр шалгах нөхцөл байдал үүсээд байгаа юм. 

Тодруубал өнгөрсөн сарын 27-ны өдрийн /2022.07.27/ Засгийн газрын ээлжит хурлаар “Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгосон” юм. 

Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө "Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа.

Ийм үнээр мань хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байж магадгүй. Тэр бол зөвхөн Х.Баттулгын зорилгодоо хүрсэн үйлдэл. Нийт монголчууд, "Монгол ялна" гэж бодож явсан хүмүүс бүгд ялагдсан.

Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропагандад алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой!. Энэ талаар материалыг холбогдох байгууллагаас ирүүлэх хүсэлтийг тавьсан” гэсэн. Тэгэхээр уг асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгах нь тодорхой болоод байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн дээрх үүрэг даалгаврын хүрээнд Дарханы замын тендерийн сонгон шалгаруулалтыг будлиантуулж авлигал авсан байж болзошгүй хүмүүсийг шалгаж алдагдсан боломжийг өртгийг төлүүлэхээр мөн ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.