Өнөөдөр /2022.08.25/ УИХ-ын ээлжит бус чуулганаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Ойлголтуудаа жигдлэхгүй бол болохгүй байна. Өчигдөр би Ш.Раднаасэд гишүүнээс Үндсэн хуулийн хүчингүй болгож байгаа тогтоол чинь хэзээнээс үйлчилж байгаа вэ гэхэд “Гарсан мөчөөсөө үйлчилж байгаа” гэсэн. Өнөөдөр 39-ийн нэг хүчингүй болсон гэдэг чинь Засгийн газрын тухай хууль болон бусад хуулиуд чинь Үндсэн хуульд нийцэхгүй хэсгүүдээрээ үйлчлэхгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл дан дээлтэй сайд нар чинь сайдын үүрэг гүйцэтгэгч болсон байгаа шүү. Үндсэн хуульд нийцэхгүйгээр нэг минут ч хажуугийн органик хууль журмууд үйлчилж болохгүй учраас энэ эрхзүйн нөхцөл байдал автоматаар үүсэж байна шүү. Энэ тохиолдолд ямар эрхзүйн акт дагах вэ гэдгээ анхаарах ёстой болж байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бид нарт таалагдах, эс таалагдах эсэх нь асуудал биш. Бидэнд таалагдаж байгаа үгүйгээс үл хамаараад Цэцийн дараагийн шийдвэрт УИХ нөлөөлөх гэж оролдсон гэдэг нөхцөл үүсэх юм. Тиймээс гарсан үр дагаврын дагуу одоогийн нөхцөл байдлаа тал талдаа жигдлэх хэрэгтэй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Энэ хуулийг батлагдсан өдрөөсөө эхлээд хүчин төгөлдөр байх хэрэгтэй гэж үзээд хүчингүй болгосон өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн байгаа. Одоо чуулган дээр дэмжигдэх юм бол цаашид энэ шийдвэрээрээ явна" гэсэн юм.