УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.25/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.3-т Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ хэмээн заасан байдгийг дурдаад, гишүүдийн ирц дээрх шаардлагыг хангаж байгааг онцолсон.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь янз бүр байна. Нөгөө талаар Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв бурууг шүүх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж үзэж байна.