БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас БНХАУ-ын их, дээд суралцагч оюутнуудад хандан мэдээлэл, зөвлөмжийг гаргасан байна. Тодруулбал, коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой болсоныг мэдэгдэж байна.
БНХАУ-ын их, дээд сургуульд 6 сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай юм байна.
Дээр дурдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ. Харин сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Consul.mn