УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр /2022.08.24/ хуралдаж бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдсоныг уншиж танилцуулан алх цохилоо. Тодруулбал, тэрбээр “Үндсэн хуулийг дээдэлж, УИХ, УИХ-ын үйл ажиллагаанд ажил хэрэгчээр оролцож бүлгээ ахалж, эв нэгдлээ эрхэмлэж ажиллахыг хүсэн ерөөе” гэлээ.
Ингэснээр тус бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж, О.Цогтгэрэлийг томилсон шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болж байгаа юм.
УИХ-ын тухайн хуулийн 31.12-т “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаан уншиж сонсгоно” гэж заасан байдаг билээ.