“Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байж болох”-оор Үндсэн хуульд өөрчлөлт орж байгаа нь “Сайд” хэмээх албан тушаалын төлөө эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ыг ч хөдөлгөөнд оруулаад байна.
Тодруулбал, өчигдөр /2022.08.23/ Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа, Б.Бейсен нарын зургаан гишүүн хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон байгаа юм. Иймд Д.Ганбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж “А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нар тус хуралд оролцоогүй. Ингэснээр тэд УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөх эрхээ эдэлж чадаагүй тул дээрх зургаан гишүүний шийдвэр хууль бус” гэсэн бичиг илгээсэн.
-Д.АДЪЯАСҮРЭН, О.ЦОГТГЭРЭЛ НАРЫН САНАЛ ТЭНЦСЭН Ч, Б.БЕЙСЕН ГИШҮҮН Д.ГАНБАТААС УРВАЖЭЭ-
Тэгвэл ийнхүү “УИХ дахь АН-ын бүлгийн дарга”-ын төлөөх өрсөлдөөн УИХ-д 11-хэн гишүүнтэй АН дотор өрнөсөн нь “Засгийн газарт хамтрах” асуудлыг хэлэлцэхтэй холбоотой аж. Учир нь Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг МАН УИХ дахь бүлэг дотроо ярилцаж шийдэж байгаа юм байна.
Энэ жишгийн дагуу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд уржигдар /2022.08.21/ уулзаж, “Засгийн газарт хамтрах эсэх, мөн УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэнийг сонгох” талаараа ярилцсан байна.
Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ш.Адьшаа, Ц.Туваан нарын таван гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргад дэвшүүлжээ. Харин Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын таван гишүүн А.Адъяасүрэнгийн нэрийг бүлгийн даргад дэвшүүлсэн тул тэд шийдэл хүрч чадалгүй таржээ.
Харин санал тэнцсэн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн нарын хэн нь бүлгийн дарга болох эсэхийг Б.Бейсены санал шийдэж өгөхөөр болжээ. Иймд Д.Ганбат УИХ-ын гишүүн Б.Бейсенийг өөрийнхөө талд оруулж А.Адъяасүрэнд санал өгүүлэхээр тохирчээ.
Гэтэл өчигдөр /2022.08.23/ АН-аас Баян-өлгий аймагт нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Б.Бейсен гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нараас урваж Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нартай нийлж зургуулаа хуралдаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон байна. Иймд Д.Ганбат, “А.Адъяасүрэн нарын өрсөлдөх эрхийг хангасангүй” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан нь энэ байжээ.
-“ЗАСАГТ ХАМТРАХ ЭСЭХ”-ИЙГ ГИШҮҮДТЭЙ НЬ ЯРЬЖ БАЙГАА БА НАМ, БҮЛЭГТ НЬ АЛБАН ЁСООР ТАВИАГҮЙ БАЙГАА АЖ-
Харин О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарын гишүүд УИХ дахь АН-ын бүлгийн асуудал шийдэгдсэн, одоо Засгийн газарт хамтрах эсэхээ ярьж, дараа нь Л.Гантөмөрийг АН-ын даргад дэвшүүлнэ гэж ярьсан гэх мэдээлэл байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Т.Доржханд нар “Засгийн газарт хамтрах уу?” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Албан ёсоор санал ирээгүй” хэмээн мэдэгдэж байгаа. Учир нь МАН-ын зүгээс АН болон ХҮН-ын төлөөллүүдтэй уулзаж “засагт хамтрах эсэх” асуудлаар ярилцаж байгаа бөгөөд тус саналаа нам болон УИХ дахь бүлэгт нь “албан ёсоор тавиагүй” байгаа аж. Иймд тэд “Албан ёсоор санал ирээгүй” гэсэн тайлбарыг хэлэх болжээ.