Г.Ёндон: Аи-92 автобензинийг энэ оныг дуустал тонныг нь 830 ам.доллароор худалдан авна

Г.Ёндон: Аи-92 автобензинийг энэ оныг дуустал тонныг нь 830 ам.доллароор худалдан авна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд түлш шатахууны  хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэлдээ,манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сараас энэ сарын 16-ны байдлаар нийт 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Энэ сарын 18-ны байдлаар дунджаар А-80 автобензин 43 хоног, Аи-92 автобензин 28 хоног, Аи-95 автобензин 38 хоног, дизель түлш 30 хоног, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэв. 

“Брент” төрлийн газрын тосны үнэ энэ сарын 22-ны байдлаар 95.52 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 89.45 ам.доллар/баррель байгааг салбарын сайд тодотгохын зэрэгцээ өнгөрсөн сард БНХАУ-ын эдийн засаг удааширч, газрын тос боловсруулах үйлдвэрийн гарц өдөрт 12.5 сая баррель болтлоо бууран, 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлттэй болсныг тус улсын Засгийн газрын мэдээлэлд нийтэлсэн.  “ING” банк тус улсын 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг 4.4 хувь байсныг дөрвөн хувь болгон бууруулсан ба цаашид инфляцын өндөр байдал, удаан үргэлжилж буй “COVID-19” цар тахлын  хязгаарлалт, ажилгүйдэл, экспорт зэргээс хамааран цаашид бууруулах боломжтойг тус банк анхааруулсан гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа. 

Тэрбээр,  ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 2022 оны долоодугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллароор тус тус нэмэгдсэн бол, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллароор нэмэгдэж 1230 ам.доллар болсныг онцолсон. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, 2022 оны 4-6 дугаар сард нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензинийн хил үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгон тогтворжуулсан. Энэ оны долоодугаар сард ОХУ-ын Роснефть компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд Аи-92 автобензинийг он дуустал тонныг нь 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн. 

Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнийг тогтворжуулах  зорилгоор “Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай” 160 дугаар тогтоолыг батлуулсныг Г.Ёндон сайд тодотгов. Тогтоолоор 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкнуудаас аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зээл олгуулах ажлыг Сангийн яам болон Монголбанк, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох ажлыг зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнэ сүүлийн саруудад нэмэгдээгүй, тогтвортой байна гэж байлаа.