УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2022.08.23/-ийн хурлаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой ч Цэцээс хариу тайлбар ирээгүй байгаа тул хуралдаан хойшлоод байна.
Учир нь Үндсэн хуулийн цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн 39-р зүйлийн 1 дахь хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд хуульд заасны дагуу Ерөнхий сайд кабинетаа бие даан бүрдүүлэх ба өөрийн дэвшүүлж буй 18 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Харин Засгийн газрын одоогийн сайдуудаас хэн нь танхимдаа үлдэх нь олны анхааралд байгаа бөгөөд улс төрчдийн хэлэлцүүлэг, тохиролцооны гол сэдэв болоод байна.
Тэгвэл МАН-ын удирдлагуудын түвшинд “Дан дээлтэй” буюу УИХ-ын гишүүн биш сайдуудаасаа дөрвийг нь авч үлдэх яриа явагдаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг Засгийн газрын танхимдаа үлдэхээр болсон гэх мэдээлэл байна. Мөн Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд З.Мэндсайхан ч танхимдаа үлдэж магадгүй байгаа аж. Харин энэ нь эхний байдлаар эрх баригчдын дунд тохироод байгаа томилгоо гэж болно. Учир нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар ХХААҮЯ, БОАЖ болон Соёлын яамны сайдаар томилогдох асуудлын МАН-ын удирдлагууддаа уламжилсаар байгаа ажээ.