УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2022.08.23/ өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болон, Эрчим хүчний сайдаас гишүүд асуулт асуув.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тавантолгойн дулааны цахилгаан станц /ДЦС/, Багануурын ДЦС-ын явц, санхүүжилтийн талаар тодрууллаа.
Хариуд нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тавантолгойн ДЦС-ын санхүүжилтийг Засгийн газрын тогтоол гарсан. Төр өөрөө барина. Санхүүжилтийн хувьд уг станцын 30 хувийг Эрдэнэс-Тавантолгойд эзэмшүүлэх замаар Эрдэнэс тавантолгой санхүүжүүлэхээр, үлдсэн 70 хувийг барилга угсралтын гэрээ байгуулагдсан үед Засгийн газрын баталгаа гаргахаар тохирсон. Барилга угсралтын гэрээ байгуулагдаагүй учраас дараагийн шат руу орохгүй хүлээгдэж байгаа. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдчихвал уг станцын хөрөнгө оруулалтын дүн тодорхой болно. Тиймээс Засгийн газарт ийм хэмжээний мөнгөн дүнтэй Засгийн газрын баталгаа гаргах хүсэлтэй байгаа гэдгээ оруулж ирнэ.
Багануурын ДЦС-ын хувьд туйлын бүтэлгүй байгаа. Энэ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхэлсэн явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг ахиж хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Концесс эзэмшигч санхүүжилтээ босгохоор явсан.
Санхүүжилтээ хөөцөлдөж байх хугацаанд Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэсэн. Харамсалтай нь ерөөсөө хүсэлтээ гаргахгүй байсан. Бид худалч хүнд долоо хоног бүр уулзалт хийж шахсан. Тодорхойгүй тайлбар тавьсаар байгаад саяхан наймдугаар сарын эхээр “Бид энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл уг төсөл тодорхойгүй хугацаагаар гацаж байна гэж ойлгож болохоор байна. Энэ бичиг ирсэнтэй холбоотой миний бие БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Элчин сайд адилхан байр суурь илэрхийлсэн. “Цөмийн энергийн компани энэ чиглэлээр ажиллана. Эрчим хүчний нүүрсний технологид оролцох боломжгүй. Уг компани хувьцаагаа дотооддоо шилжүүлээд энэ төслийг хэвийн үргэжлүүлэх компани олно гэдэгт би эргэлзэж байна” гэсэн хариу өгсөн.
Багануурын ДЦС-ын ажил тодорхойгүй хугацаагаар гацлаа. Бид ирээдүйн хэрэглээгээ хангах, техникийн шийдэл гаргахгүй бол болохгүй байна.
Үүнээс гадна, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээр хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын тал, Хятадын талаас шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгчихсөн. Хятад дотроо зээл олгох процессын цаг хугацаа явж байна. 250 сая ам.доллараас дээш өртөгтэй гадагшаа олгож буй зээлийг төрийн зөвлөлөөр хэлэлцүүлдэг. Тиймээс цаг хугацаа орно шүү гэдгийг хэлж байгаа. Сайн зүйл нь бид гүйцэтгэгчтэй ойлголцоод талбай дээр ажлаа эхлүүлчихсэн” гэсэн байна.