МАН-ын бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцож, ГАНЦ 39.1.2 гэсэн заалтыг өөрчлөөд ЗГ-ын бүрэлдэхүүнээ батлахаар ярилцжээ

МАН-ын бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцож, ГАНЦ 39.1.2 гэсэн заалтыг өөрчлөөд ЗГ-ын бүрэлдэхүүнээ батлахаар ярилцжээ

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн долоо хоногийн Даваа гараг /2022.08.15/-т “Засгийн газрын гишүүний дөрвөөс илүүгүй нь УИХ­-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өчигдөр (2022.08.22) эхэлсэн.

-ГАНЦ "ДАВХАР ДЭЭЛТЭЙ" ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨӨД Л ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛНА -

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ " Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.2 дахь хувилбар буюу Ерөнхий сайд, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзэж, түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Нэгдүгээрт, хэдий эцсийн шийдвэр ч гэсэн тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд тодорхой тайлбар, тодруулга хүссэн бичиг явуулсан. Цэц бүрэн эрхийн хүрээнд асуудалд хандах болов уу гэж найдаж байна. Хоёрудагаарт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэсэн хэлбэр биш. Гэхдээ нухацтай авч үзэх ёстой. Нэгэнт эцсийн шийдвэр учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй" гэсэн юм. Тэгвэл процесс цааш яаж үргэлжлэх вэ. Цэцээс МАН-ын бүлгийн тодруулгад хариу өгсөн бичгийг УИХ-д удалгүй ирүүлж, УИХ түүнд нь тулгуурлан зөвхөн УИХ-ын тухай хуулийн 39.1.2 дахь заалтыг өөрчлөх юм. Үүний дараа Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчилж, УИХ-д танилцуулах аж. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР БҮЛГИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ "ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭЕ" ГЭХ АГУУЛГЫГ ЯРЬЖЭЭ-

Үүнийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх бус зөвхөн ӨӨРЧЛӨЛТ оруулна гэж тодорхойлж буй. МАН-ын хувьд эхлээд Үндсэн хууль дахь “давхар дээлтэй” холбоотой заалтыг өөрчилж Засгийн газрын шинэ сайд нараа томилчхоод ээлжит бус чуулганыг завсарлуулах бөгөөд энэ нь ирэх долоо хоногт таарна гэж эх сурвалжууд хэлж байна.

Тэгэхээр  Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн ирэх долоо хоногт батлагдах нь. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ингээд орхиж буй агуулга биш бөгөөд үргэлжлүүлэн аравдугаар сард УИХ-ын намрын ээлжит чуулганаар дээрх асуудлыг ярих аж. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, төрийн  сүлд зэргийг өөрчлөх тухай бусад өөрчлөлтийг намрын чуулганаар нарийвчлан тогтож тайван ярилцаж шийднэ гэсэн үг.

Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцсон бөгөөд уур амьсгалын хувьд харьцангуй тайван болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. МАН-ын удирдлагуудын хувьд “Цэц ингэж шийдсэн бол хүлээж авахаас өөр аргагүй” гэжээ.

Харин бусад гишүүд нь цэцийн шийдвэрийг шүүмжилсэн байр, суурийг хурцаар илэрхийлэлгүй бүхэлдээн хүлээн зөвшөөрсөн бололтой. Эцэст нь хэлэхэд, ямар ч тайлбар хэлсэн энэ бол МАН-ын дэглэсэн жүжиг. Тэд Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн цэцтэй нийлж өнөөдрийн үйл явдлыг зохиож байгаа нь үнэн юм.