"Хот хариуцсан сайд", "Тэргүүн дэд шадар сайд"-тай болж өргөжих ЗГ-ын шинэ бүтцийг энэ долоо хоногт танилцуулна

"Хот хариуцсан сайд", "Тэргүүн дэд шадар сайд"-тай болж өргөжих ЗГ-ын шинэ бүтцийг энэ долоо хоногт танилцуулна

Ирэх есдүгээр сард сайд нарынхаа олонхийг огцруулна гэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  төлөвлөгөөгөө өөрчлөн наашлуулж энэ долоо хоногт Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулахаар бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

-У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР САЙДАД АМБИЦЛАГЧДААС ЗУГАТАН ХӨДӨӨ БАЙЖ БАЙГААД БААСАН ГАРИГТ ХОТОД ИРЖЭЭ-

Тодруулбал, өнгөрсөн даваа гараг /2022.08.15/-т Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль дэх “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон учир өнөөдөр /2022.08.22/ ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдалтай холбоотой заалтыг сонсож үргэлжлүүлэн намын бүлгийн хурлаар Их суудлын хуралдаанаас гарсан тогтоолыг хэлэлцэх аж. Ингээд тогтоолтой холбоотой санал дүгнэлтийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын тухай хуулийн “давхар дээл”-тэй холбоотой заалтыг өөрчлөх асуудлыг хэлэлцээд чуулганы хуралдаан руу оруулах бололтой. Тэгэхээр заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хүлээхгүйгээр Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна гэсэн үг.  

-ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ХЭД, ХЭДЭН АЛБАН ТУШААЛЫГ НЭМНЭ-

Ийнхүү даваа гарагтаа багтаан Засгийн газрын хуульдаа өөрчлөлт оруулбал мягмар гарагт Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн байгуулагдах нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сайд болохоор амбицлаж буй гишүүдийн тоо олон, амбиц их, идэвх өндөр байгаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “ядрааж” зугатаахад хүргэсэн аж.

Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнгөрсөн өдрүүдэд хөдөө хээр хүний хөлнөөс хол зугатаж яваад өнгөрсөн баасан гаригт хотод иржээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд шинэ бүтцийн “хар зургаа” аль хэдийн гаргасан бөгөөд амралтын өдрүүдэд эцэслэсэн гэх мэдээлэл байна.

Тэрбээр Засгийн газрын нийт гишүүдийн 70-80 хувийг шинэчлэх бөгөөд энэ удаагийн шинэчлэлээр тусгайлсан яамгүй, Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдыг томилохоос гадна Шадар сайдын эрхэлдэг салбарыг хувааж, тэргүүн дэд Шадар сайдыг томилох нь тодорхой болжээ.