"Эрдэнэбүрэнгийн УЦС" барих газрыг чөлөөлөөгүй, ЕС-ын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Б.Дүгэржавыг чөлөөлжээ

"Эрдэнэбүрэнгийн УЦС" барих газрыг чөлөөлөөгүй, ЕС-ын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Б.Дүгэржавыг чөлөөлжээ

Засгийн газрын өчигдрийн /2022.08.17/ хуралдаанаар Ерөнхий сайд /ЕС/-аас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг хангалтгүй ажилласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ын төслийн ажлыг удаашруулсан гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна. 

-ЕРӨНХИЙ САЙДААС ИРҮҮЛСЭН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ӨӨР БУСАД АЛБАН ТУШААЛТНУУДАД Ч ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭВ-

Тэгвэл Б.Дүгэржав нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг чухам яаж удаашруулсан талаар эх сурвалжаас бид тодрууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг урагшуулах чиглэлд анхаарч орон нутаг дахь зохион байгуулалт, менежментийн ажлыг Засаг дарга Б.Дүгэржавт даалгасан байна. Тухайлбал, усан цахилгаан станц барих газрын чөлөөлөлтийг хийх зэрэг үүрэг даалгаврыг өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд өөрийн биеэр орон нутагт ажилласнаас гадна цахимаар холбогдож удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ.

Гэтэл Засаг дарга Б.Дүгэржав нь  Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үүрэг даалгавар биелүүлээгүй албан тушаалтнуудад үргэлжлүүлэн хариуцлага тооцох аж.

Өнгөрсөн долдугаар сарын 16 /2022.07.16/-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцсан. Ингээд 90 мегаваттын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.

-ШИ ЖИНЬПИНД ЗАХИДАЛ БИЧИЖ "ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС"-ЫН АЖЛЫГ ЗОГСООСОН БАГИЙН ДАРГА Г.ЦЭДЭНБАЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА-

Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөгдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулаад байгаа юм. Гэтэл зарим иргэд уг ажлыг эсэргүүцэж газар чөлөөлөх ажилд саад учруулаад буй билээ.

Ташрамд дурдахад, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн дарга Г.Цэдэнбал нь БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй руугаар дамжуулан Ши Жин Пинд захидал хүргүүлэн тус усан цахилгаан станцын санхүүжилтыг зогсоосон байдаг. Түүний захидал нь “БНХАУ-ын ЭксИм банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчдын энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүсч байна" гэсэн утгатай байсан. Тиймээс уг асуудлаас үүдэн түүнийг ажлаас чөлөөлөх мөн хуулийн байгууллагад шалгах ажид одоогоор хийгдэж эхлээд байгаа юм.