БАРИМТ: Наадам хийх “Цэнгэлдэх хүрээлэн”-г шинээр барина гэж НЭГ ТЭРБУМ орчим төгрөг зарцуулаад, царцаажээ /ВИДЕО/

БАРИМТ: Наадам хийх “Цэнгэлдэх хүрээлэн”-г шинээр барина гэж НЭГ ТЭРБУМ орчим төгрөг зарцуулаад, царцаажээ /ВИДЕО/

Улсын баяр наадмаа хийдэг одоогийн "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 6 мянган хүний суудал нь баяр наадам үзэж, сонирхох иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болоод удаж байгаа.  Тэгвэл одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд 30-40 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий, баяр наадмаа хийж байх “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих асуудал хөндөгдөж, улмаар Засгийн газрын тогтоол гарч, 2021 онд ашиглалтад оруулна гэж байжээ. Уг цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулах ажилд нэг тэрбум орчим төгрөг зарцуулаад царцсан асуудлыг бид нэхэн сурвалжиллаа.

ВИДЕО:

-"ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН"-Г БОГИНО ХУГАЦААНД БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ С.АМАРСАЙХАНД ДААЛГАЖ БАЙЖЭЭ-

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн 2019 оны долдугаар сарын 9 /2019.07.09/-ний 94 дүгээр захирамжаар олон улсын жишигт нийцсэн “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж байжээ.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн зураг

Улмаар тус оны наймдугаар сарын 14 /2019.08.14/-ний өдрийн Засгийн 315 дугаар тогтоолоор  “Олон улсын жишигт нийцсэн, үндэсний онцлог хэв шинж бүхий 30-40 мянган хүний багтаамжтай "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-г Үндэсний их баяр наадмаас гадна улсын болон олон улсын хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, наадам зохион байгуулах, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар төлөвлөж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр барьж байгуулахаар тогтсон.

Засгийн газрын 2019 оны 315 дугаар тогтоол

Мөн "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг (эскиз)-ийг боловсруулахад шаардагдах 950 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрч, богино хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд даалгасан байдаг. Засгийн газрын тогтоолыг ЭНД ДАРЖуншина уу

Товчхондоо"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" барьж байгуулах ажлыг Хотын дарга С.Амарсайхан хариуцахаар болсон. Тиймээс ч тэрбээр захирамж гаргаж, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдааныг зарлаж, уг уралдаанд “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарч, 20 сая төгрөгийн эзэн болж байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Гэсэн ч барилгын ажил эхлээгүй, эл асуудал ингэсгээд нам гүм болсон байна.

-ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН" БАРИХ АЖИЛ ЗОГСОНГИ БАЙГАА ГЭВ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хөрөнгө оруулалт байхгүй” гэх шалтгаанаар барилгын ажил эхлээгүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эх сурвалжаас тодруулахад “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" барьж байгуулах ажил зогсонги байгаа. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм.

Тиймээс дээрх зураг төслийг боловсруулсан “Хаус дизайн” ХХК-иас ажил цааш үргэлжилж байгаа эсэх, тус компани нь ямар нэгэн оролцоотой байгаа талаар тодруулахад “Хаус дизайн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер, ТУЗ-ийн гишүүн Д.Эрдэмбилэг таалал төгссөн учир компани өөр хүний нэр дээр шилжсэн. Бид үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хан-Уул дүүрэгт “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулсан асуудлыг мэдэхгүй байна” гэлээ.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд “Хаус Дизайн” ХХК шалгарч,  20 сая төгрөгөөр шагнуулж байжээ. 2019.08.23

“2021 онд ашиглалтад орно” хэмээн гурван жилийн өмнө яригдаж байсан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих асуудал өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Харин ард иргэд 51 хувь нь хувийн эзэмшилд байдаг Төв цэнгэлдэх хүрээлэнд чөлөөтэй наадах боломж, хүрэлцээ байхгүй байгаа учир даруй шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж, үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг болохыг хүсэж байгааг холбогдох албаныханд уламжилж, энэхүү мэдээллийг бэлтгэлээ.