-ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ 8.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР
ТӨВ БАССЕЙНЫГ АВЧЭЭ-
Нийслэлийн залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг Усан спорт сургалтын төв буюу олны нэрлэдгээр төв бассейн Этүгэн их сургуулийн харъяанд ороод нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд үйл ажиллагаа нь хэдэн шат доошилж, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар муудсан гэх гомдол манай редакцид ирсний дагуу бид Төв бассейныг зорилоо.
Тухайлбал иргэн А “Миний багадаа очих дуртай газар байсан. Гэтэл одоо ус нь бохирдсон байна лээ. Мөн үйл ажиллагаа нь муудсан байсан. Энд, тэндгүй оюутнууд холхилдоод тухтай сэлэхэд ч хүндрэлтэй болсон” гэсэн юм.
Цагтаа мэргэжлийн тамирчдын сургалтын гол бааз байсан Төв усан бассейн өнөөдөр эл, хуль сэлж буй хүн ч харагдахгүй байна. Гаднах хаягаа ч Этүгэн их сургууль хэмээн өөрчилжээ.
Үүдний угтагчийн ажлын байрны дээр байрлах хаягийг ч мөн Этүгэн их сургууль болгожээ. Ер нь бол энд бассейн ажиллаж байгааг мэдэх аргагүй болжээ.
Угтагчаас бассейн ажиллаж буй эсэхийг асуухад “Ажиллаж байгаа. Тариф нь энэ” гээд гурван цаас сарвайв.
Төв бассейныг алдагдалтай ажилладаг, төсөвт хөрөнгө төвлөрүүлдэггүй гэж үзээд өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилсан. Уг хувьчлалаар Этүгэн их сургууль 8.7 тэрбум төгрөгөөр Төв бассейныг авсан байна.
Үнэхээр үүдээр нь оронгуут зүүн, баруун хоёр талд лекцийн их, бага танхим байгуулж, хоёр давхарт оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх жижиг ширээ сандлуудыг байршуулжээ. Хоёрдугаар давхарт нь мөн хэд хэдэн анги нээсэн байна.
Бид энэ талаар Төв бассейны менежер н.Хатанзоригоос тодруулахад “Этүгэн их сургууль Төв бассейныг авснаасаа хойш их засвар хийж байгаа. Засвар удахгүй дуусна. Засвар дуусвал үйл ажиллагаа жигдрээд явна ” гэсэн юм.
Харин Усанд сэлэлтийн спортын мастер Ц.Баяраа багш өмнө нь энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манайхан шиг төв бассейнаа алдагдалтай ажиллаж байна гээд хувьчилдаг улс орон хаана ч үгүй.
Алдагдалтай ажиллаж ирсэн шалтгаан нь үйл ажиллагаа нь доголдож, үйлчлүүлэгчид цөөрсөндөө бус, харин засаг төр, нам солигдох тоолонд шинээр томилогдож ирдэг дарга нар ажилдаа сэтгэл гаргадаггүй байсантай холбоотой. Бассейны зүрх гэгддэг сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудыг солих шаардлагатай хугацаанд нь шинэчлэхгүй, олон жил аргацааж явсны уршгаар манайх байнга ус алддаг байсан. Миний л мэдэхээр сүүлийн 13 жил хийгдээгүй сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудын шинэчлэлийн ажил энэ зун өрнөлөө. Цаашид усаа цэвэршүүлээд, дахин ашиглах технологийн шийдэл нэвтрүүлэх талаар сургуулийн захиргаатай хамтран судална. Сантехникийн ажил хийгээгүй удсанаас болж бүх усны хоолой нь зэвэрч, битүүрэн усаа сэлбэх гэж найман цаг болдог байсан. ” хэмээн ярьж байжээ.
Тэдний ярианаас дүгнэхэд Төв бассейны үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх нь. Харин үнийн хувьд жаахан өөрчлөлт орж магадгүй байгаа юм.
Гэхдээ Төв бассейныг анх хувьчлахдаа гэрээний дагуу хоёр жилдээ усан бассейны үнийг нэмэхгүй гэдэг үүргийг Этүгэн их сургууль хүлээсэн байна. Харин хоёр жилийн дараагаас үнээ нэмж магадгүй аж.