ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров саяхан /2022.07.05/ манай улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд С.Лавров, “манай улсыг ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай хамтын аюулгүй байдлын гэрээ байгуулахтай холбоотой санал зөвлөмжийг өгсөн” байдаг.
Харин ирэх сар /2022.08/-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийх гэж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хилийн боомтуудтай холбоотойхэлэлцээнд гарын үсэг зурна" гэж буй.
Улмаар ОХУ, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилт Ховд аймагт болж байгааг манай зарим иргэд эсэргүүцэж, олон улсын хоригт орох нь гэж болгоомжилж буй. Тэгвэл манай улс стратегийн харилцаатай зарим орон болох АНУ, ОХУ зэрэг оронтой хамтарч жил бүр “цэргийн сургуулилт” хийдэг.
Тодруулбал, АНУ-тай хамтарч “Хааны эрэлд”, ОХУ-тай хамтарч “Сэлэнгэ” хээрийн цэргийн сургуулилтыг дурдаж болно.
Тэгвэл энэ сарын 1 /2022.07.01/-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, “хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан” талаар ГХЯ-наас мэдэгдсэн. Харин энэ уулзалтын үеэр “жил бүр болдог Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилт Ховд аймагт болох гэж талаар дуулгаж, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед “уламжлалт цэргийн сургуулилт”-ыг зөвөөр хүлээж авахыг дуулгасан байж магадгүй юм.
Тэгвэл Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /тэргүүн/ Антониу Гутерриш ирэх сар /2022.08/-д манай улсад айлчлал хийх гэж байгаа ажээ. Тус айлчлал нь манай улсад эерэг сурталчилгаа болж магадгүй юм. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “тэрбум мод” тарина гэдгээ амласан билээ.