Ардчилсан нам цаг үеийн асуудлаар долоо хоног бүрийн 4/11 ээлжит мэдээллээ хийлээ.
Шууд дамжуулалт:
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Оросын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт хийх гэж байгаа талаарх мэдээлэл байна. Гэтэл холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа нь анхаарал татаж байна. Орос Украин улс дайны нөхцөл байдалтай байгаа.
Манай улс дайтаж байгаа улсын аль нэг талд орохгүй байх хуультай. Хуучин хээрийн сургуулилтыг НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийдэг байсан.
Уг сургуулилтад аль нэг дайн бүхий улсын талд орж байгаагүй улс орнууд оролцдог байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр, ОХУ дайн зарлаж, дэлхийд хүчирхийлэл үйлдэж байна гэх шалтгаанаар олон улсын хоригт ороод байгаа энэ үед манай улс цэргийн хээрийн сургуулилт хийх гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Гаднын улс орны цэргийг улсдаа байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглодог" ардчилсан зарчимтай улс. Нөгөөтээгүүр үүгээрээ манай улс дайтаж байгаа улсын талд байна гэдгээ харуулах гэж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явж болохгүй атал өнөөдөр ҮАБЗ үүнд анхаарал хандуулахгүй, байр сууриа илэрхийлэхгүй байгааг гайхаж байна.
Хоёрдугаарт эрх баригч нам 100 жилийн ойгоороо үнийн өсөлт, ядуурлыг ард түмэндээ бэлэглэж байна. Тиймээс ч ард иргэд нь Монголоос дайжиж эхэллээ. Өнөөдөр Монгол төрийн бодлого жижгэрсэн байна. Эдийн засагчид намар эдийн засаг хүндэрнэ. Тэр ч байтугай ирэх он гараад эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдгийг сануулж байгаа. Гэтэл өнөөдөр эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж Засгийн газрын гал тогоог толгойлоод явж байна. Ийм байхад яаж эдийн засаг сэргэх юм бэ. Монголчуудыг ийм амьдруулж байгаа хүмүүс нь эрх баригчид. Тиймээс УИХ Засгийн газартаа хариуцлага тооц. Үгүй бол УИХ өөрөө тар. Ажлаа хийж чаддаг хүнд боломжийг нь олго. Та бүхэнд үнэмлэхүй эрх нь байна" гэлээ.
Мөн тэрбээр дайныг эсэргүүцсэн залуучуудын эрхийг хязгаарлаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлаж байна. Нэг үгээр хэлбэл эрх баригчдын хийж буй буруу үйлдлийг эсэргүүцсэн иргэдийнхээ эрхийг ингэж хязгаарлаж байна. Манай улс ийм л улс болж" гэдгийг тодотголоо.