Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг тус компанийн Зэс, металлын группийн даргаар энэ сарын 06 /2022.07.06/-ны өдрөөс эхлэн томилох шийдвэр гарчээ.
Тус тогтоолд, “Хоохор овогтой Бадамсүрэнг Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс, металлын группийн даргаар энэ сарын 06 /2022.07.06/-ны өдрөөс эхлэн томилсугай. Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэнтэй байгуулах холбогдох гэрээний төслийг бэлтгэн Төлөөлөн Удирдах зөвлөлд танилцуулахыг Засаглал нэр дэвшүүлэх хороо /Б.Цэнгэл/-нд үүрэг болгосугай” гэжээ.
Учир нь төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн түвшинд ажиллуулна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан. Иймд тус компанийн харьяанд Эрдэнэс таван толгой, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр зэрэг ТӨҮГ-ууд шилжиж байгаа аж. Ингээд Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Силвэр ресурс зэрэг компаниудыг хамруулсан Зэс, мателлын группийг байгуулж Х.Бадамсүрэнг даргаар томилсон аж.
Нөгөө талаар Х.Бадамсүрэн группийн дарга болсон тул "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын албан тушаалаа өгөх үү гэсэн асуулт гарч байгаа юм. Харин Х.Бадамсүрэн дээрх хоёр албан тушаалыг “давхар хаших хүсэлт”-ийг төрийн томчуудад гаргаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлын албан тушаалаа өгөхгүй гэсэн байж болзошгүй байна.