Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх. Итгэл үнэмжилтэй байхыг эрхийг ч манай улс хуульчлаад өгсөн. Тэглээ гээд итгэл үнэмшил, шашин шүтлэгийнхээ хэм хэмжээг давуулж, төсвийн хөрөнгөөр бурхны хөшөө барих нь зохисгүй. Үүнийг ч олон нийт эсэргүүцдэг.
Гэтэл улстөрчид сүүлийн жилүүдэд бурхан шашинд хэт автаж, юм л болбол бурхны хөшөө барих болсон. Үүний хамгийн тод жишээ нь Богд зонхов бурхны хөшөө. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих гэж байсныг болиулсан билээ.
Гэтэл сүүлийн үед орон нутгийн болоод ТӨҮГ-уудын хөрөнгөөр бурхны хөшөө, бурхан багш бүтээх тендер хүртэл үргэлжлэн зарлагдах болжээ. Хамгийн сүүлд гэхэд Эрдэнэт ТӨҮГ-аас Хэнтий аймгийн бэрх тосгоны далд уурхайн музейд "Очирваань бурхан", түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажлын тендер зарласан. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан учир 415 сая төгрөгийн тендерийг цуцалсан байна.
Тэгвэл Архангай аймгийн Хотонд сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийн өмчийн хөрөнгө болох 80 сая төгрөгийн өртөгтэй бурхан багш бүтээх тендерийг зарлаж, уг тендерт нь "Боржин суварга" ХХК шалгарсан байна.