Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр, сайхан болж байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цахим наадам” хөтөлбөрт оролцож, ярилцлага өгсөн юм. Энэ үеэрээ сэтгүүлч түүнээс “Зургаан залуу зааны нэвтрүүлгийг яагаад хийх болсон бэ” гэж асуухад тэрбээр
“Нэг үеийн төлөөлөл болсон сайхан залуучууд гэж би нөхдөө хүндэлж явдаг. Хоёр жилийн өмнө Херо Баатар бид хоёр нэвтрүүлэг хийж, дүрсүүдээ мөнхжүүлж авъя гэж ярьсан. Бид бол нэгэн үеийн бөхчүүдийн төлөөлөл, Монгол бөхийн нүүр царай болсон өв соёлыг тээгч, ард түмний бахархал дээр суурилж явсан зургаан залуу юм. Ц.Цэрэнпунцаг ах зургаан залуу зааны хамгийн ахмад нь. Сэрвээ, мөрөндөө тэнхээний хувьд ойгүй гэцгээдэг. Нэг сул тал нь уйдамхай. Нэгэн үеийн бөхийн түүхийг хамтдаа бичилцэж, үүнээс залуус юм аваасай гэж бодож байна. Ёс зүй, хүмүүжил, зарчим, хандлагыг суралцаасай. Сайхан залуучууд олон байгаа ч болохгүй, бүтэхгүй хүмүүс бас байна. Сургаад, хүмүүжүүлээд явах хэрэгтэй. Ард түмнийхээ итгэлээр битгий тоглоорой гэж хэлмээр байна. Өөрсдийгөө битгий хуур, ард түмнийг битгий хуур. Итгэлийг битгий хөсөрдүүл. Сүүлдээ үндэсний өв уламжлалаа дээдлэхээ боливол яах вэ? Миний хамгийн эмзэглэж байгаа зүйл бол энэ. Давбал давна биз, унавал унана биз. Наадам нэгээр дуусах биш. Шартай, хортой, төлөвлөгөөтэй, зорилгоо зөв тодорхойлдог байх хэрэгтэй” гэв.