ВИДЕО: Тавантолгойн төмөр замтай холбоотой аудитыг ирэх намар УИХ-д танилцуулна

ВИДЕО: Тавантолгойн төмөр замтай холбоотой аудитыг ирэх намар УИХ-д танилцуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2022.07.04) хуралдаан болж, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан билээ. 

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс  3 байгууллага аудит хамрагдаагүй гэж байна. Ямар ямар байгууллага хамрагдаагүй талаар нэр усыг нь хэлж болдоггүй юм уу. Юуг нь нууцлаад байдаг юм бэ.  Хоёрдугаарт нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Монголын төмөр зам дээр жил болгон хуучин хийгдсэн Дарханы төмөр зам гээд хүлээж аваагүй асуудал байдаг. Үүнээс нь болоод хангалтгүй гэдэг дүгнэлтийг жил болгон авдаг байсан. Одоо энэ асуудал зүгээр болсон уу. Үүнд дүгнэлт хийсэн үү.

Аман дээр өгч байгаа нүүрс, урагшаа гарч байгаа нүүрсний зөрүү маш их байгаа асуудлыг Ерөнхий сайд хүртэл хэлсэн. Тээврийн байгууллагууд тэгтлээ үнийн өсөлтөөс болоод үнээ нэмээд байгаа юм уу. Тээврийн хөлс шатахуунтай холбоотойгоор л нэмэгдэхээс бус өөрөө нэмэгдээд байх асуудал байхгүй. Гэтэл нүүрсний үнэ нэг дахин нэмэгдсэн гэх асуудал яригдаад байна. Үүнд дүгнэлт хийсэн үү. Тавантолгойн нэлээдгүй мөнгө Монголын төмөр зам руу орсон. Үүнийг үзсэн үү. Эсвэл улсын нууц гээд үзэхгүй байгаа юу. Уг нь улсын нууцад оруулаад байх зүйл байхгүй биз дээ” гэдгийг тодруулсан юм.

Харин түүний асуултад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Аудитад хамрагдаагүй гурван байгууллага нь ИНЕГ-ын Аюулгүй байдлын хамгаалалтын алба татан буугдсан. Мөн ИНЕГ-ын Булган аймгийн нисэх буудал, Дундговь аймаг дахь нисэх буудлуудыг өөрчлөн зохион байгуулж, зарим нь татан буугдсан, шинээр байгуулагдсанаас хамрагдаагүй. Харин ИНЕГ-ын Сэргээн засах төвд татгалзсан дүгнэлт өгсөн. Учир нь санхүүгийн нотлох баримтын бүрдэл хангалттай биш гэж үзээд ийм дүгнэлт өгсөн байгаа. Тавантолгойн төмөр замтай холбоотой аудитыг тусад нь үзэж явж байгаа. Төрийн өмчит байгууллага, Эрдэнэс тавантолгойн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтад тусдаа хүрээнд аудит хийж байгаа. Дүгнэлтийг намар УИХ-д хүргүүлнэ. Монголын төмөр замд хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн" гэх хариултыг өгсөн байна. 

ВИДЕО: