Өнгөрсөн долоо хоног /2022.07.01/-т УИХ-ын гишүүн Д.Ганбат болон С.Эрдэнэ нар мэдээлэл хийж, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг зогсоож, дуусгавар болгож байна гэж мэдэгдсэн.
-Д.ГАНБАТТАЙ УИХ ДАХЬ АН-ЫН ГИШҮҮД УУЛЗАЖ, УЧРАА ОЛОЛЦООГҮЙ БАЙНА-
Тодруулбал, Д.Ганбат “Гишүүдийн тоо 8-аас бага бол УИХ дахь бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэсэн. Учир нь өнгөрөгч 2021 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-аас хөөж, УИХ дахь АН-ын бүлгээс эдгээр гурван гишүүний хассан гэж Д.Ганбат мэдэгдэж байв. Ингээд АН-ын бүлгийг найман гишүүнтэй болсон гэж Д.Ганбат, С.Эрдэнэ нар үзсэн хэрэг.
Харин өнгөрсөн баасан гараг /2022.07.01/-т Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгээс гарсан гэж мэдэгдэхээр долоон гишүүн бүлэг байгуулах эрхгүй болсон гэж тэд тооцжээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар чуулганы индэр дээрээс зарласан тохиолдолд Д.Ганбат, С.Эрдэнэ нарын мэдэгдэл албажих ёстой аж. Харин Г.Занданшатар “энэ тухай” зарлаагүй тул УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Иймд УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрсөлдөөнд О.Цогтгэрэл, Н.Ганибал, Адъяасүрэн нар өрсөлдөнө гэдгээ гишүүддээ мэдэгдсэн байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Д.Ганбаттай энэ талаар ярилцаагүй, тэд учраа олоогүй байгаа аж.
Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргад О.Цогтгэрэлийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар зүтгүүлж байгаа бол, түүнийг УИХ-ын гишүүн Ц.Туваан дэмжиж байгаа талаар тус намын гишүүд дотор яригдаж байгаа аж. Харин Н.Ганибал, Д.Адъяасүрэн нарын хувьд бүлгийн даргад өрсөлдөнө гэдгээ гишүүддээ мэдэгдсэн байна.