АН-ын залуу гишүүд намын бусад гишүүдийг эв нэгдэлд уриалж, мэдээлэл хийлээ.
Тус намын гишүүн, хуульч О.Алтангэрэл “АН-ын нийт гишүүдийг эв нэгдэлд уриалж байна. Өнгөрсөн хоёр жилд АН-ын дотор юу болов, ямар нөхцөл байдалтай байгааг Монголын ард түмэн мэднэ. 2020 оны УИХ-д АН ялагдал хүлээсэн. Энэ ялагдлын дараа С.Эрдэнэ дарга ажлаа өгсөн. УИХ-ын сонгуулиас яг хоёр жил боллоо. АН хаана байна. Яг байран дээрээ л байна. 2020 оны аравдугаар сард манай намын тамга үргэдсэн гэж эрх баригчид шинээр тамга олгосон. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлт болсон. Манай намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд бүрэн ялах боломжтой хүмүүс өрсөлдсөн. Тухайлбал, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж явсан ч С.Эрдэнэ дарга сунгаанд ялсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон АН ялагдсан. Нөхөн сонгууль боллоо, АН ялагдсан. Ердөө хэдхэн хоногийн өмнө АН-ын Их хурал нэртэй арга хэмжээг хийсэн. Энэ арга хэмжээг хууль бус болсон гэдгийг маш олон хүмүүс хэлж байна. Хурал хийгээд манай намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр томилуулъя гэсэн. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дарга болно гэсэн үг. Өнөөдөр сөрөг хүчингүй, ард түмний ядуурал дээд цэгтээ хүрч, эцсийн дүндээ дахиад С.Эрдэнэ гэдэг хүнийг дарга болгуулъя гэсэн цаас гаргаад дуусаж байна. Тиймээс АН-ын залуучууд бид ардчилсан хувьсгалыг авчирсан ах, эгч нартаа, намынхаа журмын нөхдөд одоо энэ хагарлыг золиос болж бүү золигт гараач ээ гэж уриалмаар байна. Хоёр жилийн зургийг харвал эрх баригчид сөрөг хүчингүй байх гэсэн ажиллагаа явуулж байгаа нь тодорхой боллоо. Одоо нэгдэцгээе. Тиймээс нийт намын 180 мянган гишүүддээ хандан эв нэгдлээ сахья, нэгдье гэсэн уриалгыг дэвшүүлж байна” гэв.