Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус улсад энэ сарын 6-9-нд /2022.07.06-09/ албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалд УИХ-ын нэр бүхий олон гишүүн явж байгаа гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2022.07.06/ хаврын чуулганыг завсарлуулж байгаа аж.
Тодруулбал, олон гишүүн айлчлалын бүрэлдэхүүнд явж буй учир чуулганы ирц бүрдэхээргүй нөхцөл байдалтай болжээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео-той уулзана. Мөн Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Үндэсний их сургуульд тус тус зочилж эдгээр байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.