Б.Бат-Эрдэнэ: Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “БОАЖЯ-наас 2024 оныг Аялал жуулчлалын жил болгон зарлах ажлыг эхлүүлж, Монгол Улсыг гадаадад сурталчилах mongoliatravel.guide цахим платформыг бий болгож байгаа. Ингээд ГХЯ-аар дамжуулан Монгол Улсын цахим виз олгож дипломат төлөөлөгчийн газарт энэхүү платформыг нэвтрүүлж, цахимаар виз авсан жуулчин бүр Ерөнхий сайдын мэндилгээг цахимаар хүргэх юм” гэв. Монгол Улсад он гарсаар 73 мянган жуулчин ирсэн бөгөөд 70 мянган ам.долларын орлого орсон гэсэн судалгаа гарсныг тэрбээр онцоллоо.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегигүй явж ирсэн бөгөөд одоо энэхүү стратегийг боловсруулж буй аж.

Энэ үеэр жуулчид Монгол Улсын мэдээ, мэдээллийг хайж олоход хүндрэлтэй байдаг гэдэг асуудал хөндөгдсөн байна. Тиймээс цахим платформ хөгжүүлж, Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг түгээхээс гадна соёл урлагийн тоглолт, үйл ажиллагааг танилцуулж, тасалбар шууд авах боломжийг бүрдүүлснээс гадна аялал жуулчлалын бүс нутаг, амралтын газруудын мэдээллийг нэмэлтээр оруулсан байна. Уг платформоос Монгол Улсын тухай мэдээллийг  англи, орос, хятад, испани, япон, солонгос, монгол хэлээр хүлээн авах боломжтой аж. Mongoliatravel.guide платформын хөгжүүлэлт хараахан дуусаагүй бөгөөд бүрэн дууссаны дараа Монголын түүх, хаадын тухай мэдээлэл, хотууд, хоол, соёл урлаг, түүх, соёлын дурсгалт газрын мэдээллийг оруулах аж.

ҮЗЭХ: