Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав. Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурдав. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцав. Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон юм.
