ХУУЛЬ: Жолооч машинаа ээлжлэн барих нэмэлт жолоочтой болж, тээвэрлэлт саатахгүй

ХУУЛЬ: Жолооч машинаа ээлжлэн барих нэмэлт жолоочтой болж, тээвэрлэлт саатахгүй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.24 цагт эхэлж, “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварын ажил хэзээ дуусахыг, хууль батлагдсанаар тээвэрлэлт хийж буй автомашинуудад хяналтын төхөөрөмж тавьж, жолоо барих цагийг есөн цаг болгон бууруулах шаардлага тавьснаар бараа тээвэрлэгчдийн ажилд хүндрэл учирч, ашиг орлого буурах асуудал гарах эсэхийг тодруулж байлаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсгээс, Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварт шаардлагатай 5,5 тэрбум төгрөгийг улсын төсөв болон “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд засварын ажлаа хийгдэж байгаа гэлээ.

Манай улс Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орсноор машин болгонд хяналтын төхөөрөмж тавихгүй гэлээ. 2007, 2010 оноос хойш европт үйлдвэрлэгдсэн ачааны машинууд тийм төхөөрөмжтэй бөгөөд тэдгээрийг хэрэглээнд оруулж, системд холбох юм байна. Харин Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад тийм төхөөрөмж байхгүй учраас тэдгээр автомашинд тавина. Ийм төхөөрөмжгүй автомашины жолооч нар хил нэвтрэнгүүт торгуулж байгаа учир үүнийг шийдвэрлэхийн тулд хуульчилж байгаа хэмээн тайлбарлалаа. Мөн жолооч есөн цаг жолоо барих шаардлага тавьснаар тээвэрлэлт саатахгүй. Харин машинаа ээлжлэн барих нэмэлт жолоочтой болж, ачаалал нь буурна. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэсэн хариулт өгсөн юм.