АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг дэмжлээ

АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.06.30/ хуралдан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор явуулав.

Үргэлжлүүлэн О.Цогтгэрэл нарын гишүдийн өргөн барьсан Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах боломжийг нээх заалт бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар явуулж, Д.Ганбат гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хүлээж авахаас татгалзсан билээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэхдээ дээрх хуулийн төслийг хэлэлцэх хугацааг дөрвөн удаа хойшлуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн даргын мэдэгдсэнээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үед хоёр удаа завсарлага өгч, хэлэлцүүлгийг хойшлуулсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулж байгаа гэдгийг тодотгосон.

Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Б.Хатантуул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ дахь намын бүлэг завсарлага авах талаар хэрхэн тусгасан талаар танилцуулж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлж байгаа шалтгаанаа тайлбарласан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.