АН-ын бүлгийн хурлаар Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч О.Цогтгэрэл ирээгүй байна

АН-ын бүлгийн хурлаар Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч О.Цогтгэрэл ирээгүй байна

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2022.06.27/ хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр "Шонхор таурт" хуралдуулсан. Уг хуралдаанд бүлгийн гишүүдээс гадна намын албан тушаалтнууд, зөвлөхүүд оролцжээ. 

Хуралдаанаар 

  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэхээр санал солилцсон байна. Ингэхдээ хүний эрхийг хамгаалах чиглэлд цаазын ялыг бүрэн халах заалтыг Үндсэн хуульд оруулахыг дэмжжээ. Харин гишүүдийн тоог нэмэх чиглэлд тодорхой шийдвэр гаргаагүй байна. Уг асуудлаар гишүүд өөр, өөр байр суурийг илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Харин сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр АН-ын бүлгээс дэмжлэг үзүүлж болно гэсэн байна. Төрийн сүлдийг өөрчлөх асуудлын хувьд нэн тулгамдсан зүйл биш гэж үзжээ. 
  • Мөн О.Цогтгэрэл нарын өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон ч өргөн барьсан гишүүд нь ирээгүй учраас хойшлуулжээ. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан  байдаг.

Үүнд,

“31.12. бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэж буй. Уг хуулийн төсөл батлагдвал Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлөх юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шатанд АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авсан билээ.