Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг УИХ зургадугаар сарын 16-ны өдөр баталсан.
Улмаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд болох УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эдгээр өдрүүдэд Баянхонгор аймагт ажилласан. Тэгвэл уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хот руу ирэхдээ Баян-Өлгий аймгаас Улаанбаатар чиглэлд нисэж байсан "Аэро монголиа" ХХК-ийн нислэгийн чиглэлийг хүчээр өөрчлүүлж, Баянхонгор аймагт газардуулж, өөрөө сууж иржээ. Ингэхдээ тус компанитай тохиролцож, улсын төсвөөс мөнгийг нь гаргаж өгсөн гэх албан бус мэдээлэл байна.