Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр /2022.04.28/ Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг бусдаас 3 мянган ам долларын хахууль авч байх үед нь АТГ-аас дайчлан баривчилсан. Ингээд гурав хоногийн өмнө /2022.06.20/ түүнд хилээр гарах хязгаарлалт тавьж сулласан юм.
Тэгвэл түүний оронд Багануур ХК-ийг хэн удирдах вэ гэдэг асуудал гарч, зарим нь тус албан тушаалд амбицлаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар яг одоо тус компанийн ТУЗ хуралдаж буй бөгөөд МАХН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Н.Уламбаярыг зүтгүүлж буй аж.
Өмнө нь түүнийг хоёр ч удаа томилохоор болж, АТГ-аас мэдүүлгийг нь шалгаад татгалзсан хариу өгсөн ч ийнхүү гурав дахь удаагаа зүтгүүлж байна.
Түүний хувьд Б.Энхбаярын "хүн" гэгддэг юм. Н.Энхбаярын хувьд намаа татан буулган байж Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжсэн. Тэрбээр үүнийхээ хариуд хүү Э.Батшугарыгаа УИХ-ын гишүүн болгосноос гадна өөрийг нь дагасан нь зарим хүнээ МАН-ын Удирдах зөвлөлд багтааж чадсан. Харин Н.Уламбаярын хувьд уул, уурхайн салбарт ажиллаж байсан туршлагагүй учир тус үйлдвэрийн ажилчид ихээхэн эсэргүүцэж буй аж. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж байсан нэгэн юм.