Дуучин Б.Анхбаяр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа "Соёмбо" чуулгын даргаар томилж, хошууч цол олгосон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ШШГЕГ-ын дарга Д.Загджаваас дараах асуултыг асуув.
Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Маршалын алба л гэж ярьдаг юм л даа. Зэвсэгт хүчин биш юм. Үе үеийн дарга нар нь генерал цол авах гээд энэ байгууллагын Зэвсэгт хүчинд багтаагаад яваа юм.
Цэрэг цагдаагийнхан тэтгэвэрээ бусад хуулиар нэмсээр байгаад тэтгэвэртээ эрт гардаг. Хоёрдугаарт, бусад төрийн албан хаагчдаас тэтгэврийн хэмжээ өөр тогтдог. Тэгэхээр энэ рүү бүгд хошуурцгаагаад байгаа юм. Д.Загджав даргаас асууя. Цэргийн цолоороо хэр байгаа вэ. Саяхан та чинь дуучин A Cool-д хошууч цол өгчихсөн байсан уу. Танайх чинь цолоо яаж өгдөг юм бэ. Хошууч цол гэдэг чинь миний мэдэхээр их л өндөр цол гэж ойлгодог шүү дээ. Дуучин A Cool хэдэн төгрөгийн тэтгэвэрт гарах уу. Танай салбар яаж цолоо олгодог юм бэ.Та дурын өндөр тэтгэвэрт гарья гэсэн хүнд цол олгоод байвал татвар төлөгчдийн мөнгө байхгүй болно шүү дээ" гэв.
Харин түүний эл асуултад ШШГЕГ-ын дарга Д.Загджав "Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн цолыг олгодог. Шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтнийг амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө олгох боломжтой байдаг. Үүний дагуу Цэргийн дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон. Ер нь анх офицерийн цол дэслэгчээс генерал хүртэл явна. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга дэд хурандаа хүртэл цол олгодог юм. Нөгөөтээгүүр хошууч Б.Анхбаярт хэдэн төгрөгний тэтгэвэр олгох нь тухайн хүний алба хаасан хугацаанаас хамаараад тогтоогдох тул урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй байна" гэв.