УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар өнгөрсөн сарын 18-ны өдөр (2022.05.18) УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Хуулийн төсөлд УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан байдаг.
Үүнд,
“31.12. бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэж буй. Уг хуулийн төсөл батлагдвал Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлөх юм. Тэгвэл энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдааны хуваарьт уг асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Тухайлбал, өнөөдөр /2022.06.15/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийг хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ажлын тав хоногийн завсарлага авахыг хүстэл байнгын хорооны дарга Н.Энхболд уг асуудлаар бүлэг дотроо асуудлаа хэлэлцээд орж ирэхийг сануулж, ажлын хоёр хоногийн завсарлага өглөө.
Д.Ганбатыг огцруулах уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх ч МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь дэмжихгүй унагана гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж буй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай батлуулахад Д.Ганбат АН-ын бүлгийн дарга байх нь МАН-д ашигтай байгаа юм.