-21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛД ОРОЛЦЖЭЭ-
Тархины саажилттай хүүхдүүдийн нэн хэрэгцээт эм, тариа тасарч хүндхэн нөхцөл байдалд орсон тул эцэг, эхчүүдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт /2022.06.09/ Төрийн ордны гадна суулт зарлаж Засгийн газарт тодорхой шаардлагуудыг тавьсан.
Шаардлагын дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж хэлсэн.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авах арга хэмжээг хэлэлцээд эцэг, эхчүүдийн тавьсан саналыг шат дараатай бүрэн шийдвэрлэхээр болжээ. Өнөөдрийн хуралд 21 аймгийн Засаг дарга, тамгын газрын дарга нар цахимаар оролцсон бөгөөд тэдэнд ч мөн тус асуудлаар үүрэг өгчээ. Мөн эцэг, эхчүүдийн төлөөлөл Засгийн газрын хуралд оролцож санал дүгнэлтээ хэлжээ.
Эцэг, эхчүүдийн хувьд Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах, нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөхийг хүсээд байгаа билээ.