Өнгөрсөн даваа гаригт /2022.06.13/ МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдсан бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй. Тэгвэл тус бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн хамрах хүрээгээр хэлэлцүүлэг хийсэн байна. Үүнээс өөр асуудал хэлэлцээгүй гэдгийг албаныхан хэллээ.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын гишүүд ирэх долоо хоногт тус, тусын тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд сонгогчдод мэдээлэл өгөхөөр тогтжээ.
МАН-ын бүлгий хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж ард түмнээс асуухыг дэмжсэн учраас дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн Улс төрийн намууд энэ сарын 09-ны өдөр /2022.06.09/ Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл уг “тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, нэмэлт өөрчлөлтөд санал нэгдсэн гэсэн үг. Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээд хагас жил болж байна. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш улс төрийн намуудын төлөөлөл 7-8 удаа уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, саналуудаа нэгтгэсэн.