Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2022.06.13/ хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн  хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, УИХ-ын гишүүн  А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид даалгахаар төсөлд тусгасан байв.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал,хүсэлт ирж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан. Үүнийг дурдаж баталгаажуулан Ажлын хэсэг байгуулах нь нь зүйтэй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байна гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Улаанбаатарт 2 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ