Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нарын бизнесмен гишүүд Концессын хуулийн ажлын хэсэгт чихэлдэж, уралдаж оржээ

Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нарын бизнесмен гишүүд Концессын хуулийн ажлын хэсэгт чихэлдэж, уралдаж оржээ

Засгийн газрын гишүүд нь концессын зээл авсан гэх үндэслээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан үйл явдал тавхан жилийн өмнө болсон. МАН-ынхан өөрсдөө энэ үйлдэлтэй эвлэрээгүй учир Засгийн газраа огцруулсан гэж ойлгогдсон. 

-"ӨӨРСДӨӨ КОНЦЕСС АВЧ БОЛОХГҮЙ" ГЭЖ Б.ЭНХБАЯР АНХААРУУЛАВ-

Гэтэл эрх баригч намын зарим гишүүн дээрх үйлдлийг өнөөдөр дахин давтахаар улайрч байгаа аж. Тодруулбал, МАН-ын том бизнестэй гишүүд Концессын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт чихэлдэж, уралдаж орчхоод боловсруулсан төслөө элгэндээ тэвэрч тас нуун, ажлын хэсэгтээ хэнийг ч оруулахгүй хайрцаглаж, нээлттэй хэлэлцүүлэхээс татгалзан "хор" найруулан гүйлдэж буй талаарх мэдээлэл байна. 

Эндээс үзвэл тэд Концессын хуульд ашигтай хувилбар оруулж өөрсдөө концессын зээл авах гэж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар ярихдаа “УИХ-аар хэлэлцэгдэж буй томоохон хуулиудад хулгай, хийдэл гаргачихгүй байхад анхаарах хэрэгтэй. Сонор, сэрэмжээ сулруулж болохгүй. Байнга анхаарч байхгүй бол бөгс өндийвөл хулгай хийчих гээд байна шүү. Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Концессын хууль дээр ажиллаж байна. Гэтэл хүч түрээд ганц Эдийн засгийн байнгын хороонд л ажлын хэсэг гаргасан. Угтаа концесс бол үйлдвэржилт, төсөв, хууль зүйн байнгын хороо гээд салбар дундын асуудал. Ажлын хэсэгт томоохон бизнесмэн гишүүд чихэлдэж байгаад орсон. Яагаад хотын гишүүдийг оруулахгүй байгаа юм. Өөрсдөө  концесс авдаг гишүүд байж болохгүй ээ. Хөгжлийн хороон дээр Концессын хуулийг ярилцмаар, танилцуулгыг байна гэсэн, байхгүй. Бүр чичрээд дайрч байна. Улайрч харагдаад байна. Төрийн нүдээр биш хувийн хэвшлээр, улс орныхоо нүдээр харж хуулиа хийх ёстой” гэсэн юм.

-АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ ХЭЛ АМ ГАРАНГУУТ О.ЦОГТГЭРЭЛ ГИШҮҮН НЭРЭЭ ТАТЖЭЭ-

Тэгвэл түүний хэлсэн  Концессын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт чихэлдэж, уралдаж орсон бизнесмэн гишүүд хэн бэ.

Уг ажлын хэсгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн ахалж, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын "бизнесмен" гишүүн ажиллаж байгаа аж. 

Дээрх гишүүдийн бизнесийн хамаарлыг харвал ажлын хэсгийн ахлагч Ц.Цэрэнпунцаг нь “Жем интернэшнл” групп, Д.Бат-Эрдэнэ “Ажнай” групп, О.Цогтгэрэл “Тэсо” групп, Ж.Ганбаатар “Оргил” компани, Б.Баттөмөр “Тэс петролиум” ХХК гэх мэтээр харъяалагдаж байгаа юм. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ шалгаж болох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг ажлын хэсгийн гишүүдийн тухай хэл, ам УИХ дотор гарангуут О.Цогтгэрэл гишүүн нэрээ татаж буй сураг гарсан юм.