Богдхан уулсын Дугуй цагаан руу явах замд баригдсан шавар гэрүүдийг нураасан тухай сурвалжилгыг бэлтгэж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийн алба хаагчид халдсан. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид Парламент сайтын сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч бичлэгийг устгасан бөгөөд зургаан цаг гаруй саатуулсан байгаа юм.
Энэ талаар сэтгүүлч Г.Гэрэлмаа өөрийн цахим хуудастаа “Баривчлагдахаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас, камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургон руу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.
Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа гэж инээлдэцгээж байсан” гэжээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
- Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ талаар ярихдаа "Цагдаагийн байгууллагыг нийтээр нь харлуулж болохгүй. Энэ байгууллага нь захирамжилсан шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг. Хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалдаг. Ер нь Зайсангийн газруудыг хууль зөрчиж олгосон. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь таслан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэж болох хуулийнхаа дагуу ажиллана. Энэ хэр хэмжээнээс хэтэрсэн бол холбогдох газруудад нь гомдлоо гаргаарай. Тэр гомдолтой би танилцаж, судлаад хариу өгнө. Би өдөржин сошиал хянаад суух боломжгүй" гэлээ.
ҮЗЭХ: