Ч.Өнөрбаяр: Төрийн өмчит компаниуд Засгийн газрын халамжийн бодлогын нөхөөс болж байна

Ч.Өнөрбаяр: Төрийн өмчит компаниуд Засгийн газрын халамжийн бодлогын нөхөөс болж байна

Ардчилсан нам долоон хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 хэвлэлийн бага хурал хийдэг. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээллээ.

Ч.Өнөрбаяр “УИХ дээр төрийн өмчит компаниудыг хэрхэх талаар асуудал яригдаж байна. Өрөм дотроосоо өтдөг гэдэг үг байдаг. Төрийн өмчит компаниуд аль хэдийн дотроосоо өтөөд, ялзарчихсан байсан. Эрх баригчид өнөөдөр л олж харж, ярьж байгаа нь харамсалтай хэрэг. Өнөөдөр төрийн өмчит компаниудын захирал нь том машин унаж давхидаг хэрнээ ашиггүй ажилладаг. Төрийн өмчит компаниудыг улстөрчид өөрсдийнхөө саалийн үнээ шигээ ашиглаж ирсэн. Уг нь төр хувийн хэвшлийнхээ ашигтай байгаа бизнес рүү нь булааж, ордоггүй юм.

Үнэхээр хувийн хэвшил хийгээд ашиг олохгүй, алдагдал хүлээх гээд байвал, хийхгүй бол нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа бол төр ордог.

Түүнээс бусад тохиолдолд мөнгө олж болох бүх газар руу иргэдийнхээ боломжийг хулгайлдаггүй. Харамсалтай нь төрийн өмчит компаниуд ийм зарчмаар явж ирлээ. Мөн хавтгайрсан халамжийн гол золиос нь төрийн өмчит компаниуд байж ирсэн. Нэг дарга гарч ирээд “эрчим хүчний үнийг тэглэчих, түүнийг нь Эрдэнэс Тавантолгойгоос нөхчих” гэдэг. Уул ёсондоо тэндээс орж ирсэн орлогоор Монгол Улс томоохон бүтээн байгуулалт хийж болно.

Энэ бүгдийг өнөөдрийн хүртэл шийдээгүй явсан нь бодлогын том алдаа байсан юм. Өнөөдөр төрийн өмчит компаниуд Монгол төр, Засгийн газрын халамжийн бодлогын нөхөөс нь болж байна. Харамсалтай нь, орж ирж буй хууль нь бас л учир дутагдалтай. Өнөөдрийг хүртэл Монголд төрийн өмчийн удирдлагын хууль гэж байгаагүй. Монгол Улс өмчөө яаж удирдах тухай, яаж зах зээлийн эргэлтэд оруулах арга ухаан байсангүй.

Өнөөдөр Засгийн газраар орж ирж байгаа хуулиуд энэ асуудлыг шийдээгүй байна. Цөөн хэдийг нь жагсаалт гаргаад, төрийн өмчит компаниудыг хувьчилснаар асуудал шийдэгдэхгүй. Монгол Улс төрийн өмчийн удирдлагын хууль хэмээх бие даасан хуультай болох хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Монгол төрийн бодлого үнэхээр харалган болчихож. Сэтгүүлч Эмээлтэд сурвалжилга хийсний дараа сайд, мэргэжлийн хяналтын дарга нар нь гүйж очоод мах чанаж идэн, лабораторийн ажил хийгээд байх юм. Махаа яаж экспортод гаргах тухай бодлого ярьж байх ёстой хүмүүс шүү дээ. Загас толгойноосоо өтдөг гэдэг шиг Монгол төр ямар ч бодлогогүй болсон байна. Х.Нямбаатар гэдэг хүн Засгийн газрын зарц юм уу, Л.Оюун-Эрдэнийн хамгийн итгэлтэй хүн юм уу. Боомт байсан ч, Оюутолгойн гэрээ хийсэн ч, Төрийн өмчийн компаниудын ажил байсан ч Х. очиж байна. Бусад сайд чинь ажлаа хийх чадваргүй юм бол чөлөөл л дөө. Л.Оюун-Эрдэнэ сайд аа. Эсвэл Х.Нямбаатараас бусдад нь итгэдэггүй юм уу. Яаж ингэж Монгол төрийн ажил явах юм бэ. Хамгийн зангарагтай гээд байдаг Ц.Нямдорж сайд нь ч дуугарахаа больсон байна. Асуудлыг шийдээд өгнө гээд байсан Ц.Нямдорж сайд хаана байна” гэв.