Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас нэг хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Улмаар тавдугаар сарын 22-ны өдрөөс зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг зургадугаар сарын 07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд 250 км замыг туулан зургадугаар сарын 07-ны өдрийн 21:29 цагт анх осолдсон газар хүрэлцэн очсон бөгөөд зургадугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.